Бэсүд Ч.Эрдэнэ: Супер Нэгдлийн Онолын Үндэс

Шинэ ном гарлаа…

Бэсүд Ч.Эрдэнэ:
Супер Нэгдлийн Онолын Үндэс

Дээд Тэнгэр минь,
Аар саар олон ялалтаас аварч хайрла,
Аугаа их ганц ялалт авчирч хайрла!
Фридрих Ницше.
“Эрхшээн засаглахуй эр зориг:
Бүхий л үнэлэмжийг эргэн хянахуй”
номоос…

Холбоо барих утас:
Бэсүд Ч.Эрдэнэ 99090138
Ц.Тайхар: 98110469;91916669

Номын үнэ: 20.000 төгрөг

http://www.guter-freund.blogspot.com/

http://toonto.mn/

МОНГОЛ УЛС МАЛАА БАРВАЛ…???

Анна Парисио, Леа Гордон нарын бүтээсэн “Сүйрсэн арлын түүх” хэмээх баримтат кино 1998 оны 11 дүгээр сард Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн баримтат киноны сангаас дэмжигдсэн кино өдөрлөгийн хүрээнд манай үзэгчдийн хүртээл болж байсныг зарим нь одоо ч санаж л байгаа байх.
Уг баримтат кинонд Африкийн гахайн халуун гэдэг өвчинтэй тэмцэх нэрээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Гайтийн креол үүлдрийн жижиг хар гахайг бүгдийг нь устгуулснаар тариачдын аж ахуйн үндсийг үгүй хийж тус орныг сүйрэлд хүргэсэн эмгэнэлт түүхийг илчлэн үзүүлсэн байдаг.
Энэ бол өвчнийг нь устгахын тулд амьтны төрлийг хүйгээр нь бүрмөсөн устгасан ганц тохиолдол байжээ. Гайтийн үндэсний баялаг болох креол үүлдрийн гахай нь байгаль орчиндоо маш сайн зохицсон, өсөж үржих нь хурдан, тариачдын хувьд гүйлгээний хэрэгсэл нь, амин зуулга нь Вуудуу шашны шүтээн догшин түрэмгий тэнгэр Эрзули Данторыг тахидаг хүндэтгэлийн ганц зоог нь байжээ. Гахайн халуун гэдэг өвчнөөр тэр үед ердөө 700 гахай л өвчилсөн боловч гадны заавраар ажилладаг Гайтийн дарангуйлагч бүх гахайг устгуулахдаа уг шийдвэрийг эсэргүүцсэн олон иргэнийг хамтад нь устгуулсан гэдэг. Харин АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Гайтийн хар гахайг америкийн цагаан гахайгаар орлуулах оролдлогыг хийсэн боловч бүтсэнгүй. Гайтийн тариачид америкийн цагаан гахайг “Дөрвөн хөлт тэнэг хатан” гэж нэрлэжээ. Учир нь уг гахай нь Гайтийн тариачдын амьдралын нөхцлөөс ч илүү хоол тэжээл, асарлагаа шаарддаг ямбатай амьтан байсан тул дороо л үхэцгээжээ. Тийнхүү хоёрхон жилийн дараа тариачид үгээгүйчүүд болж, амьдрахын эрхээр модны нүүрс бэлтгэж модоо устгаж бараад гадны тусламжийн бараа горьдож гараа тосон, хог ухаж амьдрагч гуйлгачин ядуус олноор бий болж, ажил хайн Домниканы нишингийн талбай руу очицгоож, гадаадын хөрөнгө оруулагч гэх эздийн олноор оруулж ирсэн үйлдвэрүүдэд хямд ажиллах хүч болцгоожээ.
Өнөөдөр Гайти улс ямархуу өрөвдөлтэй орон болсныг Баабарын тавлан бичсэн /тэгэхдээ хэн яаж ядуу болгосон талаар бол огт дурсахгүй байгаа юм шүү/ нийтлэлээс, телевиз, сонин хэвлэлээр гарч буй мэдээллүүдээс та бид бишгүй л уншиж, үзэж сонсож байгаа.
Эрх баригчид нь гадныхны гар хөл болсон, бодлогогүй улс орон яаж сүйрдэгийн жишээ ганц энэ ч биш бөгөөд өнөөдөр Аргентин улсад гадныхан хөдөөгийн аж ахуй эрхлэгчдээс газрыг нь үнэ цохин авч, уламжлалт аж ахуй болон ой модыг нь хайр найргүй устган, нэлд нь шар буурцгийн тариалан болгон хувиргаснаар, иргэдийг газар нутгаас нь шахан хөөж, амьдрах аргагүй болгож буй үйл явц эрчимтэй өрнөж байгааг ч мэдээллийн хэрэгслүүд үзүүлж харуулсаар байгаа билээ.
Гэтэл Хятадууд мах их хэмжээгээр авч урагш нь хил давуулж байгаа тухай мэдээлэл, олон нийтийн бухимдал эсэргүүцэлтэй хамт дэгдэж байгаа нь манайх бас нэг Гайти болчих юм биш байгаа гэсэн түгшүүрийг төрүүлэх боллоо.
Учир нь монголын бүх малын махыг ч үнэ цохиод авчих хөрөнгө мөнгөний бололцоо, бас хэрэгцээ, шаардлага Хятад улсад байгаа. Нөгөө талаар бүх шатанд авилгалд идэгдэж, ямар ч хяналт хариуцлагагүй болчихсон манай төр засаг нь гадны иргэдийн хувьд хүсэл зорилгоо амархан хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа бөгөөд ямар ч саадгүйгээр хил давуулан зөөж байгаа мэдээллүүд үүнийг батлаж байгаа билээ. Бас дээр нь өнгөрсөн жилийн зуднаар нэлээд зүдэрсэн малчид маань “энэ жил яагаа ч билээ, овоо үнэ хүрч байгаа дээр нь мөнгө болгож авдрандаа хийж амар өвөлжөөд ирэх хавар буцаагаад худалдаад авчихна” гэж гэнэ алдахаар элдэв сурталчилгаа ч явсаар байгаа.
Тэгээд ч Монголчуудыг ганц нэг хотод нь төвлөрүүлж суулгаад, бусад газар нутгийнх нь хөрсөн доорх баялагийг л авч ашиглах гэсэн ганцхан зорилгыг тэргүүн ээлжинд тавьсан, бүх газар нутгаа лицензээр хувааж өгөөд ухуулаад дуусгах сонирхолтой, ядахдаа усны урсац бүрдэх эх, ойн сан бүхий газраа хамгаалах гэсэн иргэдийн тулгалт, шаардлагаар хууль гаргасан ч биелүүлэх өчүүхэн ч сэтгэлгүй Ерөнхий сайд, засгийн газрын “царайг” Хятад иргэд монголоос их хэмжээгээр мах зөөж байгаа бодлогоос тусгайд нь салгаж үзэх аргагүй л мэт бодогдоод байна.
Монгол улсын оршин тогтнохуйн үндсийг бүрэн үгүй хийх бодлого энэ биш гэж үү?!

О.Лхагвадорж

Categories: Болгоомжил

Н.Батбаяр: Засгийн газар ”Оюутолгой”-той хуйвалдсан

Засгийн газраас гадаадын ажилтны квотыг цуцлах санал гаргасныг эсэргүүцсэн Н.Батбаяр гүйцэтгэх засаглалынхан “Оюутолгой” ХК-тай хуйвалдсан байж болох бас нэг баримтыг дэлгэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батбаярын ярилцлагаас уншина уу.

-Засгийн газраас гадаадаас ажиллах хүч ажиллуулах квот тогтоосон байсан Ашигт малтмалын хуулийн 43 дугаар зүйлийн 10-аас илүүгүй хувь нь гадаад ажилтан байж болох бөгөөд үүнээс илүү гарвал өндөр төлбөр төлөх ёстой гэсэн заалтыг хүчингүй болгох санал гаргасан нь нэлээд маргаан дэгдээлээ. Монголчуудаа ажилтай байлгаж чадахгүй мөртлөө гадныхныг тэр дундаа, хятадуудыг түлхүү ажиллуулах гэсэн санаа гэдэг хардлага ч олон нийтийн дунд дэгдэж мэдэхээр байна. Энэ асуудал яаж шийдэгдэх бол?

-Засгийн газар үнэхээр гайхмаар асуудал оруулж ирсэн. Өнөөдөр монгол хүн болгон ажилтай, тэр тусмаа гайгүй цалинтай болохыг хүсч байгаа. Гэтэл монголчуудаа ажилтай болгохын оронд гадаадаас ажилчдыг чөлөөтэй оруулж ирдэг болгоё гэж байгаа нь гайхашрал төрүүлж байгаа. Манайхныг Солонгос руу гаргахад адуу шүдэлж байгаа юм шиг л бөөн юм болдог биз дээ. Гэтэл уул уурхайн салбарт монгол хүнээ ажиллуулахгүй, мэдлэг чадвар дутагдаж байна гэх нь монголчуудаа басан доромжилж байгаа хэрэг. Монгол хүн монгол газар шороон дээрээ ажиллахгүй, өөр хаана ажиллах юм бэ? Хүний амьдрах эрхийг хангах үүрэгтэй Засгийн газар, монголчуудыг хяхаж хавчсан бодлого явуулах юм бол монголчууд хаана очиж ажиллах вэ. Би ийм л асуулт тавьж байгаа. Энэ Монголын Засгийн газар уу, Монгол дахь гадаадын компаниудын суурин төлөөлөгч үү гэж асуумаар байна.

-Нэг талаасаа монгол ажилчид ажилд тавих шаардлагыг хангадаггүй гэсэн тайлбар байдаг. Гэхдээ нөгөө талаасааа гадаадын компаниудын лобби юм уу гэж хардмаар байна л даа?

-Энэ бол цэвэр гадны компанийн лобби. Гадны компаниуд лобби хийхийг би ойлгоно. Тэд хэзээ ч Монголыг бодохгүй шүү дээ, аль болох ашигт малтмалыг нь ашиглаад л гарахыг хичээнэ, өөрсдийгөө бодно. Гэтэл Монголын Засгийн газар гадны компаниудын лоббиг хэрэгжүүлэгч биш, монголчуудынхаа эрх ашгийг хамгаалагч байх ёстой. Тийм ч учраас “Ингэж болохгүй ээ. Үнэхээр манайхан дадлага, туршлага муу байгаа бол та нар тодорхой хугацаанд сургаж дадлагажуулаад ажиллуул” гэх ёстой биз дээ. Монголчуудынхаа эрх ашгийг хойш нь тавьчихаад гадныхны төлөөлөгч шиг байж болохгүй. Монголчууд бид дэлхийн зүрхэнд, дэлхийн хүй нь болсон газар нутагт амьдардаг, хамгийн сайхан байгальтай, баялагтай улс. Цөөхөн монголчуудтай энэ газар руу шүлсээ урсгаж, ямар нэгэн аргаар улам цөөрүүлж, өөрсдөө ашиглахыг бодож байгаа улсууд бий. Монголын Засгийн газар үүний эсрэг зогсч байх ёстой атлаа лоббид нь автаж байгаад харамсч байна. Тийм ч учраас би “Ерөнхий сайд С.Батболд чинь хаана байна” гэж асууж байна.

-Үүнийг УИХ батлахгүй байх арга бий шүү дээ?

-Батлахгүй байх ёстой. Би энд Монголын ард түмэн маань илүү сонор сэрэмжтэй байх ёстой юм шүү гэж сануулмаар байна. Би дөрвөн жилийн өмнө “Монгол моодонд орно оо” гэж хэлэхэд хүмүүс инээлдэж байсан юм. Одоо Монгол “моодонд” орсон. Гэхдээ энэ сайн ч, саар ч талтай. Одоо гадныхан Монгол руу хошуурч байна. Гэхдээ ашгийг нь хүртэх гэж. Харин монголчууд ухаанаа уралдуулж, эзний ёсоор тэдэнтэй харьцаж, өөрсдөө ашгаа хүртэх ёстой. Тэгэхгүй бол тэд төрийнхнийг худалдаж авах замаар Монголыг маань үгүй хийх аюул бий гэдгийг байнга бодож байх хэрэгтэй.

-Өмнө нь “Оюутолгой”-нхон нийгмийн сайн сайхны төлөө нийслэлд мод тарих, зүлэг услах 3000 хүнийг цалинжуулна гэж шоудаад, үүнийгээ орд газарт ажиллаж байгаа монгол ажилчдын тоонд оруулаад, оронд нь 2600 хятад ажилчин оруулж ирнэ гэсэн шүү. Үүнийг нь ч манай Засгийн газар чимээгүйхэн зөвшөөрчихсөн шиг санагдана?

-Тэгсэн. Одоо бүр ТМС-д ажиллаж байгаа хүүхдүүдийг Оюутолгойд ажиллаж байгаа хүний тоонд оруулж тооцно гээд Засгийн газар зөвшөөрчихсөн байна шүү дээ.

-Нээрээ юү, Засгийн газар тийм тогтоол шийдвэр гаргасан гэж үү. Мэргэжлийн сургалтын төвд сурч байгаа хүүхдүүдийг?

-Би танд тогтоолыг нь харуулья. Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 18-ны 122 дугаар тоот тогтоолоор “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдийн тоог Оюутолгой төслийн монгол ажилчдын тоонд оруулж тооцохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрхийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй гээд Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг нар гарын үсэг зурсан байна. Засгийн газрын вэб сайт / http://www.open-government.mn-ээс тогтоолын хэсгийг харна уу. ред/. Ийм байж болох уу. Засгийн газар ийм л шийдвэр гаргасан байна шүү дээ.

-Тэгээд та нар яагаад эүүнийг Засгийн газартай ярихгүй байгаа юм бэ? Энэ 122 тоот тогтоолын талаар олон нийт мэдэхгүй байх аа?

-Яриад, үглээд л байгаа маань энэ… Эхлээд бид өнгөрсөн 20 жил ямар зорилго дэвшүүлж, юуг хүсч байсан бэ, одоо байдал ямар байна вэ гэсэн асуулт тавиад үзье. Сайн зүйл мэдээж байгаа. Гэхдээ бид өнөөдөр амьдралдаа сэтгэл хангалуун байж чадаж байна уу? Ажилгүйдэл байсаар байна, амьдрал сайжрахгүй л байна. Тэгээд бид ОХУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Малайз, Польш, Эстони, Казакстан гээд 10 гаруй улсын эдийн засгийг судалж үзсэн. Азийн барууд бол эдийн засаг нь суга өссөн. Хуучин социалист гэгдэж байсан улсууд ч мөн адил. Гэтэл бид чадаагүй л байна. Яагаад вэ?

-Гэхдээ эд бүгд өөр өөр тогтолцоотой улсууд, улс орны онцлог байгаа байх л даа?

-Тийм ээ. Бид шилжилтийн гэх үеэс хойшхи 20 жилийн тухай асуудлыг харах гэж байгаа учраас бусад улсуудыг ч бас ийм төвшнөөс нь авч үзсэн. Тухайлбал, Японыг дэлхийн 2-р дайны дараа үеэс, Өмнөд Солонгосыг Пак Жин Хөгийн эргэлтийн 1971 оноос, Малайзыг Махатарын 1978 оноос, Хятадыг Ден Сяо По-гийн Нээлттэй бодлогын үеэс нь гэх мэтчилэн. Тэгээд тэдний төр нь тогтвортой, тууштай, удаан хугацааны бодлоготой, эдийн засгийн бодлого нь үйлдвэрлэлээ дэмжих, дотоодынхоо нөөц бололцоонд тулгуурлан хүн болгоныг ажилтай болгохыг зорьж биелүүлж чаджээ л гэж харсан. Японд гэхэд Либерал ардчилсан нам нь 45 жил, Өмнөд Солонгомын Пак Жин Хө 18 жил төрийн эрх барьсан гэх мэт тогтвортой байж. Гэтэл манайд яалаа, та бүхэн бүгд мэдэж байгаа. Сүүлийн 20 жилийн дотор манайд 13 Засгийн газар солигдож… Зөвхөн П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газар л бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээж чадсан. Энд ямар тогтвортой байдал байх билээ дээ.

-Гэхдээ урт хугацааны бодлого, төрийн бодлогын залгамж халаа үгүй байгаа нь л нөлөөлж байгаа байх л даа. Эндээс бас Монголд урт хугацааны бодлого алга гэдэг нь харагдаж байх шиг. Сая та бас Монголбанкны Мөнгөний бодлогын талаар нэлээд шүүмжлэлтэй зүйл хэлж байсан. Засгийн газар, Монголбанк хоёр тэс өөр бодлого хэрэгжүүлэх гээд байгаа нь харагдаад л байгаа л даа. Төв банк болохоор Засгийн газар зарлагаа өсгөж, инфляци хөөрөгдөж байна гэдэг. Хариуд нь Монголбанк бодлогын хүүгээ чангалснаар бодит эдийн засгийг боомилж байна гэж гишүүд бас шүүмжилж байсан?

-Дээр судалгаанд дурдсан орнуудын ихэнхэд нь төв банк Засгийн газрын бүтэцдээ харьяалагдаж ажилладаг юм байна лээ. Харин манай төв банк Засгийн газар хоёр нэг баг болж ажиллаж чадахгүй байна. Уг нь тэд хамгийн гол нь бодит эдийн засаг, хувийн сектор, баялгийг бүтээж дэмжиж ажиллах, инфляци, ажилгүйдэл гэсэн хоёр зүйлийг харж байх ёстой. Гэтэл УИХ дээр нэг юм яриад л байдаг. Гэтэл бодит эдийн засгаа дэмжих ямар ч бодлого төв банкинд ч, Засгийн газарт ч байхгүй. Засгийн газрууд, тухайлбал, АНУ бодит эдийн засгаа дэмжихийн тулд 0 хүүтэй зээлийн бодлого баримталж байна. Гэтэл манайд төв банкны бодлогын хүү 14 хувь. Уг нь Л.Пүрэвдорж бодлогын хүүгээ зөөллөнө өө гэж төв банкинд очоо биз дээ. Одоогийн манай банкны бодлогын хүүгээр бол зээл нь хүндээ, бодит эдийн засагтаа бус төв банк руугаа буцааж татан төвлөрүүлэх л зорилготой. Зээлийн эрэлт их, түүнийгээ хангаж чадахгүй болохоор өндөр хүүгээр хааж боомилох л аргаар аргацааж байна. Мөнгө баялгийг бүтээдэггүй шүү дээ. Харин хүний бүтээсэн баялгийг л мөнгөөр хэмждэг. Зарим хүмүүс төв банк их хэмжээний мөнгө хэвлэж болохгүй ээ гэдэг. Монголын өнөөгийн нөхцөлд мөнгө хэрэгтэй. Харин хүний бүтээсэн бүтээмжинд таарсан хэмжээний мөнгө гаргаж байвал тэр хэвийн үзэгдэл. Харин бүтээмжээс илүү мөнгө хэвлэж шууд тараах юм уу, бүтээмжийг хангахгүй, мөнгө хомсдолтой байх нь буруу. Манайд өнөөдөр бүтээмжид нь мөнгө нь таарахгүй нийцэхгүй, хомсдож байна шүү дээ. Өнөөдөр Монголд дахь мөнгөний нийлүүлэлт 42 хувь өссөн байна. О.Чулуунбат төв банкны ерөнхийлөгч байхдаа мөнгө хангалттай нийлүүлж байсан. Гэхдээ инфляци нэг оронтой тооноос хэтрээгүй л шүү дээ.

-Гэхдээ мөнгө хэт ихээр хэвлэвэл төгрөг үнэгүйдэж, инфляцийг хөөрөгдөнө гэдэг шүү дээ?.

-Үнэн. Мөнгө хүний бүтээсэн бодит баялгийг л зөв, зохистой баталгаажуулж байх ёстой. Түүнээс биш зүгээр сууж байхад нь мөнгө тараагаад байж болохгүй. Бүтээмжийг шударгаар нь үнэлэх ёстой. АНУ-д 1930-аад онд эдийн засгийн хямрал болоход нэг хүнээр нүх ухуулаад, нөгөөгөөр нь булуулж, оронд нь мөнгө өгч байсан. Тэд хөдөлмөрлөж байсан учраас энэ арга хямралаас гарахад нь тусалсан шүү дээ.

-Та түрүүн чуулганы хуралдаан дээр бидэнд хийх зүйл их байна, юм хийхийг хүссэн хүмүүс ч их байна. Тэднээр ажлыг нь хийлгээч ээ гэсэн зүйл ярьсан. Гэтэл тэд мөнгө байхгүй, зээл өндөр хүүтэй. Түрүүн ч бас бодлогын хүү хүмүүс зээл авах биш, арилжааны банкууд мөнгөө буцааж төв банкинд татан төвлөрүүлэх бодлого гэж тодорхойллоо л доо. Бодлогын хүү 14 байхад арилжааны банкууд өөрсдийн хувиа нэмээд 16 хувийн хүү нэхэхээс өөр аргагүй… ?

-Тийм. Өнөөдөр зээлийн хүү 16-20 хувь байгаа. Ийм зээлээр яаж хүн юм хийх юм бэ? Анх зээл авахдаа ноос угаах үйлдвэртэй байсан хүн харин ч зээл аваад хүүгээ төлөөд ноолуурын үйлдвэр ч үгүй болно шүү дээ. Хүмүүс арилжааны банкууд өндөр хүү тулгадаг, мөнгө хүүлж байна гэдэг. Тэд нэг талаасаа хадгаламж эзэмшигчдэд хүү төлж байгаа, түүнээс их хүүтэй зээл олгож байж л сая эрсдэлгүй ажиллана шүү дээ. Үүнд л төв банк шинэ эх үүсвэр олж өгөх хэрэгтэй, О хувийн хүүтэй.

-Ийм боломж байна уу. Уг нь гадаадаас бас бага хүүтэй зээл, тусламж орж ирдэг л гэдэг?

-Тийм. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гээд олон улсын байгууллагуудаас 1-2 хувь, бүр 0,7 хувийн хүүтэй зээл орж ирдэг. Засгийн газар түүнийг нь арилжааны банкуудад 8-10 хувийн хүүтэй олгодог. Гэхдээ Засгийн газар сайн дураараа ч ингэж хүүг нэмээд байдаг бус. Зээл олгож байгаа гадны байгууллагууд нь дотоодын зах зээлийнхээ дундаж хүүгээр зээлийг олгох ёстой гэсэн шаардлага тавьдаг юм. Тэд биднийг хоёр идүүлж, хоосон хонуулахгүй л байлгах гээд байна аа даа. Хэрвээ бид хөгжөөд хөл дээрээ зогсчих юм бол тэднээс мөнгө зээлэхгүй болчихно шүү дээ. Тиймээс л би төвбанк мөнгө хэвлэж 0 хувийн хүүтэй зээл олго гээд байгаа юм. Одоо бол бодит баялаг үйлдвэрлэгчид зээлийн хүүгийн, хугацааны дарамтад байна. Зээл авлаа гэхэд дараагийн сараасаа эхлээд хүүгээ төлж эхлэх ёстой. Гэтэл энд тухайн хүн ямар зээл авч, юу хийх гэж байгаа, энгийнээр бол үйлдвэрээ барихад хэдий хугацаа шаардлагатай, ашиг хэзээ гарах вэ гэдгийг хүртэл бодолцон, зээл төлж эхлэх хугацааг нь тогтоох ёстой юм.

-Үйлдвэрээ барьж ч эхлээгүй байгаа хүн яаж ч зээлийнхээ хүүг төлөх билээ? Таны дээр хэлсэн ноосны үйлдвэрийн жишээ л юм даа. Гэхдээ Монголд өнөөдөр байдал ийм л байгаа шүү дээ?

-Өгсөн авсандаа ч хэрэггүй, мөнгө хүүлэх бодлого болчихоод байгаа юм. Өндөр хүүтэй, шахуу хугацаатай, бага зээл өгчихөд зээлдэгч дарамтад орно, дампуурна, өгсөн банкныхан ч эрсдэлтэй зээлтэй болчихож байгаа юм. Уг нь дээр хэлсэн орнууд анх урт хугацаатай, үйлдвэрлэл боссон цагаас эхлэн зээлээ төлж эхлэх бодлого барьж байсан. Одоо бол нэгэнт үйлдвэрлэл нь сэргэсэн учраас яг манай өнөөдрийнх шиг нөхцөл барьж байгаа. Гэтэл манайх үйлдвэрлэл нь хөлд ч ороогүй байхад нэгэнт хөгжингүй болсон улсуудын нөхцлийг тулгаад байх юм.

-Хөлд орж байгаа хүүхдээс том хүний чадвар шаардаад байна гэж үү?

-Тийм, өвчтэй хүүхдийг том хүний доозоор эмчилбэл, юу болох билээ. Үхнэ шүү дээ. Дээрээс нь импортын бүх бараа 5 хувийн гаалийн татвартай. Архангайн малчин сүүгээ зарж, борлуулж чадахгүй байхад Австралиас хуурай сүү оруулж ирээд л ууж байна шүү дээ. Дотооддоо хийж чадах зүйлдээ өндөр татвар ногдуулж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй биз дээ. Тийм учраас би хүнсний бүтээгдэхүүнд 22 хувийн татвар ногдуулж байх санал гаргах гэж байгаа. Тэгвэл дотоодынхон хүнсний үйлдвэрлэлийн салбар руу ороо л ирнэ, ашиг олж болох учраас. Уг нь уул уурхайн, салбарыг бодвол хүнсний үйлдвэрлэл чинь хамгийн их ажлын байр бий болгодог. Уул уурхайд бол техникээр л “зодчихдог” болохоос.

-Уг нь та их л сайхан саналууд гаргаж, гарц хайгаад байх шиг. Гэхдээ энэ бүхэн хэзээ биелнэ гэж бодож байна вэ? Биелэх найдвар байна уу?

-Чадлаараа л ярьж байна. Багц хууль л байх ёстой юм даа. Бүгдээрээ хамтраад хийх хэрэгтэй.

-Төв банкны ерөнхийлөгч ч, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ч Монголоо хорлочихьё, сөнөөчихье гэсэн бодолтой хүн нэг ч байхгүй гэж бид найдахыг хүсдэг. Хувь гишүүд ч юм уу ганцаарчлаад ярихаар бүгд л Монголынхоо төлөө, хийх бүтээхийн төлөө санаатай, янз бүрийн гарц, санал бодол илэрхийлж байдаг. Гэтэл амьдрал дээр, тогтоол шийдвэр гаргах болохоор л бүр эсрэгээр хийчихээд байх шиг. Яагаад…?

-Ойлгохгүй хүн ч байна, аргаа мэдэхгүй хүн ч байна. Ойлгоод байгаа нь цөөхөн. Энэ 20 жил бид хууль боловсруулж баталсангүй. Ердөө л кноп дарж ёсчилж ирлээ шүү дээ. Хууль боловсруулах асуудалд мөнгө цаг зарцуулахгүй байна. Та анзаарч байгаа бол ихэнх хуулийн төслийг гадаадын төслийн хөрөнгөөр боловсруулсан байдаг. Хэн мөнгө төлсөн хөгжим захиалдаг. Тэгэхээр захиалагчийн хөгжмийг л бид ёсчлоод байна аа даа. Нөгөө талаас мэргэжлийн байгууллага, салбарын яам, агентлаг хуулийн төсөл боловсрууллаа гэдэг. Гэтэл тэд олон нийтэд үйлчлэгчид гэдгээ мартчихсан байдаг. Өөрсдөө төсөл боловсруулаад, өөрсдөө хэрэгжүүлж, хяналт тавих болохоор аль болох л өөрт хэрэгтэй, өөрөөсөө бусдыг хамааралтай байхаар л хууль боловсруулна шүү дээ.

-Тиймээс хууль боловсруулахад хангалттай мөнгө зарцуулж байя гэсэн санал гаргасан байх. Нэг хуулийн төсөлд 10 сая төгрөг төсөвлөх санал бас багагүй л шүүмж дагуулж байсан?

-Хууль боловсруулахад судлаачид, эрдэмтдийн баг, хөндлөнгийн этгээдүүд, тухайн хуульд хамааралтай байх бүх субьектүүд хамтарч сууж, санаа бодлоо уралдуулах ёстой юм. Цаг хугацаа, мөнгө зарцуулах ёстой. Тухайлбал махны асуудалд гэхэд малчид нь, ченжүүд нь, тээвэрлэгчид нь, сав баглаа боодлынхон, салбарын мэргэжилтнүүд судлаачид, хуулийн зөвлөхүүд сууж байх ёстой юм шүү дээ. Энд УИХ-ын гишүүд хууль боловсруулдаггүй. Гишүүд тухайн салбарыг сайн мэдэхгүй ч байж болно. Дээр нь үндсэн ажлынхаа хажуугаар цаг, завныхаа чөлөөгөөр хууль боловсруулж болохгүй шүү дээ. Одоо бол манайд хууль гэдэг хавсарга ажил төдий л болоод байна шүү дээ.

-Бичиг цаасны зардал, Төрийн ордны халаалт, гишүүдийн цалин, унаа машин гэхээсээ илүү мөнгө зарцуулах ёстой асуудал юм даа, уг нь?

-Тийм ээ. Бид одоо байшин, сандал ширээнд мөнгө зарцуулаад байна шүү дээ. Гэтэл хууль гэдэг бол таны ч миний ч амьдралд зөвшөөрөл авдаггүй ганц зүйл. Буруу хууль бол таны ч миний ч амьдралд гай болно. Тийм болохоор би ингэж яриад байна. Би уг нь нэг тэрбум төгрөгөө төрийн харилцаа, утаа түгжрэл буюу хотын асуудал, мал аж ахуйн гурван чиглэлээр хууль боловсруулахад л зарцуулья гэж бодсон юм, болохгүй л байна.

А. Алтантуяа

“Ардын Эрх” сонин

Засгийн газрын тогтоолоос

Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний талаар

2010 оны наймдугаар сарын 18-ны өдөр. Улаанбаатар хот

Дугаар 212

Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадварыг мэргэжлийн сургалтаар эзэмшүүж, мэргэжилтэй ажилчид бэлтгэн ажлын байраар хангах замаар ажилгүйдлийг бууруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгын газраас тогтоох нь:

… 5.”Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа суралцагсдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг тогтоохыг Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.
6.”Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж, цаашид томоохон бүтээн байгуулалт, төсөлд ажиллах иргэдийн тоог Оюутолгой төслийн Монгол ажилтны тоонд оруулж тооцохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй….

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди

ТОДРУУЛГА: Оюутолгой хөрөнгө оруулалтаар 3300 оюутныг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургахаар тогтсон бөгөөд сар бүр 108 мянган төгрөгийн тэтгэлэг олгон, шаардлагатай бол хөдөө орон нутгаас ирэх зардал зэргийг даахаар болсон. Эхний ээлжинд 1000 гаруй залуусыг суралцуулж эхлээд байна.

Оюу Толгой төслөөс Монгол Улс хэдэн хувь эзэмших вэ?

Уншигч та доорхи холбоосоор Оюу Толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг бүрэн эхээр нь татан авч, мэлмийдээ тунгаана уу.

Монгол эх татах

Англи эх татах

Оюу Толгой орд газар бол Монгол улсын түүхэн дэх хамгийн том уул уурхайн төсөл. Тийм ч учраас Улсын Их Хурал Монголын ард түмэн эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, Оюу Толгойд хувь эзэмших ёстой гэсэн зарчимд үндэслэн тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Оюу Толгой ХХК-д төрийн эзэмшлийн доод хэмжээ 34 хувь байна хэмээн шийдвэрлэж, Засгийн Газарт хөрөнгө оруулагчтай гэрээ хийх эрх олгосон билээ
.

Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хэлэлцээрээр Оюу Толгой ордын ашиглалтыг хоёр тусдаа гэрээгээр зохицуулсан байна. Хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хангах зорилго бүхий “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нээс гадна “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” буюу Монгол Улсын Засгийн Газар болон Айвенхоу майнз компанийн хоорондох Оюу Толгой төсөлд эзэмших хувь болон орлого ашиг хуваарилах гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээ нь өнөөг хүртэл учир битүүлгээр “нууц” ангилалд багтаж, олон нийтэд нээлттэй болоогүй нь хачирхалтай.

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд маш ноцтой заалт багтсан нь Оюу Толгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаатай холбоотой заалт юм. Монголын тал Оюу Толгой ХХК-ийн зөвхөн ЭНГИЙН хувьцааны 34 хувийг эзэмших эрхтэй ба тус компани давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын тал түүнийг худалдаж авах ЭРХГҮЙ гэжээ. Айвенхоу майнз компани давуу эрхийн хувьцаа гаргах шийдвэрийг бие даан гаргах эрхтэй төдийгүй энэ асуудалд Монгол Улсын Засгийн Газар мөн оролцох эрхгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Оюу Толгой ХХК Айвенхоу майнз компанийн шийдвэрээр давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын талын эзэмшлийн хувь хэмжээ үлэмж буурах юм.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 33.2 зүйлд, “компанийн хувьцаа нь энгийн ба давуу эрхийн хэлбэртэй байна” хэмээн заасан байдаг. Хувь нийлүүлэгчид өөрсдийн эзэмшлийн хувьцаагаар дамжуулан компанийн үйл ажиллагааг хянах, ноогдол ашиг хүртэх эрхээ эдэлдэг. Тэгвэл “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний холбогдох заалтууд Оюу Толгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаа гаргах эрхийг зөвхөн Айванхоу Майнз компанид олгосон нь Монгол улсын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм.

Оюу Толгой ХХК нь 2010-2011 оны бүх хөрөнгө оруулалтыг давуу эрхийн хувьцаа гаргах замаар санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Орд газрыг ашиглалтад өгөхөд шаардагдах 4 орчим тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтыг босгох үүднээс тус компани ийнхүү давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын талын хувь эзэмшил яаж өөрчлөгдөхийг доорх зургаас харна уу.

1) Давуу эрхийн хувьцаа гаргахын өмнө буюу одоо Монголын тал компаний 34 хувийг эзэмшиж байна. Компанийн хөрөнгө 1 тэрбум ам. доллар.

2) Давуу эрхийн хувьцаа гаргасны дараа компаний хэмжээ 5 тэрбум ам. долларт хүрч, өмнө нь компанийн хөрөнгийн 100 хувийг бүрдүүлж байсан энгийн хувьцааны нийт хөрөнгөд эзлэх хувийн жин 20 хувь болон буурна.

3) Давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд компанийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшигч Монголын тал давуу эрхийн хувьцаа эзэмших эрхгүй тул Монголын талын “Оюу Толгой” ХХК-ийн эзэмшлийн хувь хэмжээ 6,8 хувь болж буурна.

Айвенхоу Майнз компани Оюу Толгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаа гаргах замаар мөнгө босгох ажлыг аль хэдийн эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монголын талын хувь эзэмшил буурч, Монголын ард түмний хүртэх ноогдол ашгийн төлбөр багасч эхэлсэн.

Оюу Толгой ордыг ашиглах гэрээ батлагдснаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Тус орд газар эргэлтэд орсноор Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн байгалийн баялгаас ашиг хүртэж, мянга мянган залуус өндөр цалинтай ажил хөдөлмөр эрхлэн эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, үндэсний компаниуд Оюу Толгойд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх замаар төслийн багтай хамтран ажиллаж, чадавхиа бэхжүүлнэ гэдэгт итгэж, энэхүү итгэл үнэмшил талаар өнгөрөхгүй гэдэгт найдаж байна.
Tags: Айвенхоу, Оюу толгой, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Эрдэнэс МГЛ

Categories: Болгоомжил

Андгай

Гашуун зовлонг туулсан хөөрхий өвгөд минь
Гомдох сэтгэл минь булиглаад байна хүүд чинь
Гэтлэх замын үзүүр хэдий хол чиг
Гэрийн чинь гал хэзээч унтрахгүй ээ

Тун чиг бэрхийг туулсан хөөрхий өвгөд минь
Туйлдсан сэтгэл минь чахираад байна хүүд чинь
Тэнчих замын хатууд хэдий мохов чиг
Тулганы чинь гал хэзээч унтрахгүй ээ
Дахилт
Цусаа урсгаж хамгаалж ирсэн
Газрыг тань бид хөндөхгүй ээ
Үнэн сэтгэлээ нэхсэн захисан
Үгийг тань бид хэзээч мартахгүй ээ

Үүрхийн ихийг үүрсэн хөөрхий өвгөд минь
Үрс хөвүүдийн чинь өр зүрх өнчирөөд байна
Тэмцэн байж үлдээсэн баялаг нутгаа
Өшиглөн сууж үрэхийн учиргүй ээ
Дахилт
Цусаа урсгаж хамгаалж ирсэн
Газрыг тань бид хөндөхгүй ээ
Үнэн сэтгэлээ нэхсэн захисан
Үгийг тань бид хэзээч мартахгүй ээ

Монголд ашигт малтмалын лицэнз эзэмшиж байгаа улсууд

зураг дээр дараад томруулж үзнэ үү!

Categories: Харуусал

Эмэгтэйчүүдээ ийм байдалтай болгосон нь эрх баригчид, эрчүүд бид буруутай!!

December 12, 2010 1 comment
Дээрээ суудал олохгүй бол доороо яаж гүйдлээ олох вэ? Тэнэгүүд төр барьж байхад ард түмэн үймж байдаг юм гэсэн. Миний Монголын хувь заяаг шавартай хутгаж ирээдүйгээр нь тоглож байгаа энэ хэдэн эргүү улс төрчдийг яалтай нь билээ. Өөрсдийнхөө намаа ч олигтой захирч удирдаж чадахгүй хүмүүс энэ Монголыг залж явна гэж бодохоор харамсаад барахгүй нь. Өчүүхэн хувийн эрх ашгаа бодогч, энэ улс Монголоо мартсан урваач шарваач нар энэ хэдээр дуусах болтуухай!

http://www.youtube.com/v/3AEMfSlCIaI?fs=1&hl=de_DE

Categories: Харуусал
Follow

Get every new post delivered to your Inbox.